Нийгэм
Нийтлэл
Арван долоон насны босго дөнгөж алхсан Орхончимэг гэх цовоо сэргэлэн охин байлаа
Арван долоон насны босго дөнгөж алхсан Орхончимэг гэх цовоо сэргэлэн охин байлаа. Эцэг эх, ахан дүүс нь хүртэл “энэ хүүхэд өвчин зовлон бараг мэдэхгүй өссөн” хэмээн ярьдаг, эрүүл чийрэг нэгэн. Нэгэн хаврын сүүлээр ангийнхан нь Хан Хэнтийн салбар уулсын хормойд орших, байгалийн үзэсгэлэн төгөлдөр Мойлтын ам гэх амралтын газарт хоёр хоногийн аялал зохион байгуулжээ. Хүүхдүүд дуулж хуурдан, тоглож наадан, залуу насны гэгээн дурсамжаа бүтээсэн тэр аяллаас буцаж ирсний дараахан Орхончимэгийн амьдрал орвонгоороо эргэхийг хэн ч төсөөлөөгүй юм.
Аяллаас ирээд хэдхэн хонож байтал охин гэнэтхэн бие нь сулран ухаан балартах мэт болж эхэлжээ. Эхэндээ ядаргаа биз гэж бодсон ч өдөр өнгөрөх тусам өнгө зүс нь алдагдан, бие нь турсаар, эцэстээ орноосоо ч өндийж чадахгүй хэвтрийн хүн болсон байна. Урьд нь гүйж харайж явсан сэргэлэн охин хэдхэн долоо хоногийн дотор танигдахын аргагүй өөрчлөгдөхийг харах эцэг эхэд хамгийн хүнд зовлон байлаа. Эмчид үзүүлж, эм тан хэрэглүүлсэн ч биеийн байдал нь дээрдэх бус улам л дордсоор байв.
Охиноо тийм байдалд орсныг хараад эцэг эх нь болсон бүхнийг эргэн санаж эхэлжээ. Хамгийн түрүүнд санаанд нь орсон зүйл бол өнөөх Мойлтын амны аялал байв. Тэд ангийнх нь охидыг нэг нэгээр нь дуудан ирүүлж, хоёр хоногийн турш юу болсон талаар асуусан байна. Гэвч хүүхэд бүр ам нэгтэйгээр, Орхончимэгтэй ямар ч маргаан, муудалцаан болоогүй, харин ч хамгийн их инээж хөөрч явсан нь өөрөө байсан гэж ярьжээ.
Тэдний авчирсан зураг, хийсэн бичлэгийг дахин дахин үзэхэд ч сэжиглэх зүйл огт харагдсангүй. Хүүхдүүд эвтэй найртай инээлдэн тоглож, Орхончимэг бусдаасаа ч илүү баяр хөөртэй харагдана. Түүний царайнаас гуниг ч үгүй, айдас ч үгүй, зөвхөн залуу насны цэлмэг инээмсэглэл л гэрэлтэж байлаа. Үүнийг үзсэн эцэг эх нь охиноо хэн нэгэнд гомдож, сэтгэлдээ юм тээсэн гэх бодлоо бүрмөсөн орхижээ.
Удалгүй өөр нэг таамаг тэдний санаанд орсон байна. Хөдөө нутгийн хөгшчүүл ярьдаг шиг болдоггүй газар цэцэг навч тасалж, булаг шанд, уул усны эзнийг хилэгнүүлсэн юм биш биз гэсэн бодол төржээ. Гэвч аялалд хамт явсан хүүхдүүдийн ярьснаар тэд амралтын газрын модон байшингаас бараг гарч яваагүй, уул хад, ойн гүн рүү ч оролгүй хоёр хоногоо өнгөрөөсөн нь тодорхой болов. Ингээд тэр сэжгийг ч бас үгүйсгэхээс өөр аргагүй болсон байна.
Харин Орхончимэгийн бие өдрөөс өдөрт улам дордсоор байлаа. Хоол унд идэхээ больж, дуугарах нь ч цөөрч, өрөөнийхөө таазыг ширтсээр өдөр хоногийг өнгөрөөнө. Түүнийг ийм байдалтай байх яг тэр үед Мойлтын амны амралтын газарт хүмүүсийн чих дэлдийлгэсэн нэгэн хачирхалтай явдал дараалан тохиолдож эхэлсэн байлаа…
Тэр үеэс эхлэн Мойлтын аманд амарч байсан хүмүүсийн дунд нэгэн хачирхалтай яриа газар авчээ..
Төлбөртэй нийтлэл
Энэ нийтлэлийг үргэлжлүүлэн уншихын тулд төлбөр төлнө үү.
2,500₮